Wednesday, August 4, 2010

Сохор зураач /өгүүллэг/

Тэр харанхуйн дунд амьдардаг... Гэрэл гэгээг тэр бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн боловч гэрэл гэгээ гэгч юу болохыг мэдэхгүй. Хорвоо түүнд мөнхийн харанхуйгаас өөр зүйл мэдрэхгүй тийм хувь тавилан оноосон... тэр үргэлж тас хар орчинд байдаг ч хар гэж ямар өнгө байдагийг бас мэдэхгүй..

Үнэр амт чимээ анир түүний энэ орчлонгоос авч болох мэдрэмжийг өгдөг. Өглөө болох түүнд хамаагүй. Унтаад сэрэх тэр л агшинд түүнд өглөө байдаг... Нар сарны эргэлдээн түүнд хамаагүй. Гэхдээ цаг хугацаа хамаатай. Ийм зовууртай амьдрал дунд тэр удаан амьдарсан нэгэн.
Харин энэ удаа тэр цоо шинэ мэдрэмжийг олж авчээ. Сохор маань дурлажээ... Нэгэн яруухан сайхан уяангалаг хоолой, зуны цэцэг шиг сайхан үнэртэй бүсгүйд...тэр бүсгүйн дүр царайг сохор мэдээж хараагүй ...гэхдээ дурлажээ.
Нойргүй, хоолгүй тэр уянгалаг сайхан хоолойг, тэр сайхан үнэрийг л хүлээдэг болж...түүний биед ганц удаа боловч хүрээд үзэхсэн гэх бодол толгойд нь эргэлдэнэ..

    Сохор гэнэт бослоо. Тэр хуучин авдраа ухаж хэдэн зүйл гаргаж ирээд ширээн дээр тавив. Тэр нь зургийн хэрэгсэл байлаа. Тэр тэмтэрсээр нэгэн цаас гаргаж аваад өөрийнхөө гаргасан будгуудаараа дурлалт бүсгүйгээ зурахаар шийдэв.

   Бийрээ усанд дүрээд будгаа түрхээд зурж гарав... ямар өнгөөр ямар дүрс зурж байгаагаа тэр мэдэхгүй..гэхдээ тэр зурж байгаагаа сайн мэдэж байгаа.. тэр сайхан уянгалаг хоолой бас сайхан үнэрийг зурж байв.

  Сохор өөрийн зурагаа зураад л байв хэдэн өдөр хэдэн шөнө болсныг бүү мэд. Дурлал хүнийг цаг хугацаанаас айхгүй болгодог шүү дээ.

  Сохор энэ зургаа тэр бүсгүйд бэлэглэнэ. Энэ зураг түүний хайр дурлалын илэрхийлэл болох байлаа...

  Сохор зургаа зураад л байлаа зураад л байлаа. Бүтэн гурван сар болж тэр зургаа дуусжээ.

  Хаалга зөөлхөн тогших чимээ зүрхийг нь дэлдэх шиг болов...тэр яаран босон хаалгаа онгойлготол сайхан үнэр...тэр бүсгүйн үнэр байв. Сохор түүнийг орохыг хүсээд сандал татан суулгаад өөрөө суулаа...

   Бүтэн гурван сар зурсан зургаа "Энэ бол та, би таньд зориулж зурсан юм" гэж хэлээд бүсгүйн зүг сарвайв...

    Гэтэл цаас урах чимээ...нөгөө сайхан хоолойгоос гархааргүй хэдэн хараалын үгс....

   Тэр бүсгүй энэ зурагт түүний үнэр дуу хоолой байсныг мэдсэнгүй...

   Сохрын нүд юм харагүй хэцүү ч гэсэн нулимс урсахад онгойдог нь хармсалтай...

No comments:

Post a Comment